• Тогтвортой хөгжил

    “САРЛАГ НААДАМ” ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖ БАЙНА

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ, “Жинст Мөрөн” ХХК хамтран  2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн сарлагийн баярыг энэ сарын 20-21-нд “Хоймор нутаг-Сарлаг наадам-2025” нэртэйгээр зургаа дахь жилээ зохион байгуулж байна. Сарлаг үхрийн үнэ цэнийг таниулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй уламжлалт мал ахуй, нүүдэлчин өв соёлоо хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалах, зочид, жуулчдад орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах зорилгоор Алаг-Эрдэнэ суманд болж байна.

    Наадмыг санаачлагчид танилцуулахдаа “Бэлчээрийн доройтол, дэлхийн дулааралд анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед бид  хариуцлагаа ухамсарлаж дэлхийн дулаарлын эсрэг өөрсдийн хувь нэмрийг оруулж, малын чанар, сүргийн бүтцэд анхааран хөх сарлагийн тоо толгойг нэмэгдүүлж, эрүүл мал, бэлчээрийн зохистой хэрэглээг сайжруулахад анхаарч байна. Энэ ч зорилгоор сарлагийн түүхий эдээр органикбүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр олон улсын  болоод шинжлэх ухааны байгууллага, малчид, хоршоод, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна гэв.

    Хөвсгөл аймаг хамгийн олон сарлагтай таван аймгийн нэг бөгөөд 22 сумын малчид 174.800  гаруй толгой сарлаг маллаж байна. Наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ сумын малчид нийт орлогынхоо 30 гаруй хувийг сарлаг үхрээс олдог байна. Улсын хэмжээгээр 2024 онд 13 аймгийн 132 суманд нийт 999.400 гаруй толгой  сарлаг тоологджээ.

    “Сарлагийн наадам 2025”-ын үеэр дараах тэмцээн уралдаан болох аж.  

    ·        Тохоштой ганган сарлаг үзүүлбэр

    ·        Сарлагтай сайхан хос шалгаруулалт

    ·        Сарлаг бугуйлдах тэмцээн

    ·        Сарлаг үхрийн уралдаан

    ·        Сарлаг булгиулах тэмцээн

    ·        Сарлагийн сүүтэй үнээний тэмцээн

    ·        Сарлагийн шилмэл бухын тэмцээн

    ·        Үндэсний бөхийн барилдаан,

    ·        Үндэсний сур харваа

    ·   Сарлагийн хөөвөр, ноолууран бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг


    Эх сурвалж:Тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб

     

     


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...