• Агробизнес

    ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 29 ДЭХ УДААГИЙН “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР”-Т ДӨРВӨН АЙМГИЙН 60 СУМЫН ТЭМЭЭЧИД ОРОЛЦЖЭЭ

         Өмнөговь аймгийн “Түмэн тэмээний баяр” 29 дэх жилээ энэ сарын 05-наас 08-нд Даланзадгад хотод 60 гаруй сумын тэмээчид 1000 гаруй тэмээтэй оролцож байна. Тэмээний баярыг үзэхээр нийт 8000 орчим хүн ирснээс 200 гаруй нь гадаадын жуулчид гэж зохион байгуулагчид мэдээлсэн тухай Засгийн газрын мэдээнд дурджээ.

     

    Өвлийн аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн “Түмэн тэмээний баяр”-ыг анх 1997 онд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулсан түүхтэй. Тухайн үед тэмээний тоо толгой багасаж, 2002 оныг хүртэл улсын хэмжээнд 200 гаруй мянган тэмээ тоологддог байжээ. Тиймээс тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, өвлийн говийг аялал жуулчлалын бүс нутаг болгохоор эхлүүлсэн ажил өнөөдөр зорилгодоо хүрснийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолсон байна.

      Түмэн тэмээний баярын хүрээнд дөрвөн насны ангиллаар тэмээний уралдаантэмээний парад, “Тэмээ судлал ба хөрөнгө оруулалт” форум зохион байгуулахын сацуу ингэний айрагны баяр, гэрэл зургийн үзэсгэлэн, тэмээтэй сайхан хос болон шилмэл буур, ингэ шалгаруулах, тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах зэрэг тэмцээн тус тус болсон байна.

     

    Монгол Улс 2025 оны жилийн эцсээр 501.3 мянган тэмээ тоолуулсан билээ. 2002 оныг хүртэл 200 гаруйхан мянган толгой болж буураад байсан тэмээний тоо өдгөө хоёр дахин өссөн нь тэмээний баяртай холбоотой юм.

           “Түмэн тэмээний баяр”-ын үеэр тэмээтэй холбоотой сонирхолтой тоонууд:

    -2016 онд 1108 тэмээ уралдуулан, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

    -2024 онд тэмээ уяж хурдлуулдаг уяачид олгох “Алдарт уяач” улсын цолыг бий болгожээ.

    -2026 онд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дундговь аймгийн “Наранд ойрхон” тэмээний баярын үеэр жил бүрийн нэгдүгээр сарын 24-нийг “Тэмээний өдөр” болгон зарласан билээ.




      


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...