Долоон аймгийн 10 сумын ногоочдод трактор, дагалдах хэрэгслийг гардуулж өглөө
Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр/2026.04.28/ "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй
G-11-MON" төслийн хүрээнд трактор, дагалдах хэрэгслийг төсөл хэрэгжиж буй
сумдын удирдлага болон ногоочдод гардуулан өглөө.
Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, ядуурлыг
бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй "Хүнсний ногооны
үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй" төслийн хүрээнд орон нутагт
услалтын системийг шинэчлэн сайжруулах, ногоочдын бүлгийг дэмжих, шаардлагатай
тоног төхөөрөмж нийлүүлэх ажлууд хийгдэж байгаа юм.
Төслийн үр дүнд долоон аймгийн 10 суманд нийтдээ 3031 га талбайд услалтын системийг барьж байгуулах ажил хийгдэж дуусах шатандаа оржээ. Үүнээс өнөөгийн байдлаар долоон услалтын системийг улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд гурван услалтын системийн барилга угсралтын ажил үргэлжилж, энэ онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Өнөөдрийн энэхүү арга
хэмжээний хүрээнд төсөл хэрэгжиж буй 11 суманд трактор, анжис, роторт
сийрүүлэгч, мөр хоорондын сийрүүлэгч, төмсний үрлэгч, төмс, хүнсний ногоо
хураагч, өвс хаман боогч, усалгааны мотор, бууцан бордоо цацагч, хүлэмж зэргийг
дагалдах хэрэгслийн хамт нийт 10 төрлийн хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө
хүлээлгэн өгөв.
Орон нутагт хүнсний ногоо, ногоон тэжээлийн
тариалалт эрхэлж буй иргэд, ногоочид, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор
дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авахаар Баян-Өлгий аймгийн Баяннуур, Сагсай,
Ховд аймгийн Алтай, Говь-Алтай аймгийн
Жаргалан, Халиун, Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн сумд, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,
Завхан аймгийн Тэлмэн, Улиастай, Төв аймгийн Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн
Сант сумдын Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох
албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн байна.
Орон нутагт хүнсний
ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зориулалтаар агротехникийн, хөдөө аж ахуйн
тоног төхөөрөмж олгосноор хүнсний ногоо тариалах бүтээмж, га-аас авах ургацын
хэмжээ нэмэгдэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах, үүнийг
дагаад иргэдийн орлого нэмэгдэх зэрэг олон давуу талууд бий болох юм.



Эх сурвалж: ХХААХҮЯ
