40 гаруй орны санхүүгийн байгууллагынхан Монголд хуралдаж байна
Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн
хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран зохион байгуулж буй “Жендэрт суурилсан
хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын хурал /2026.05.05/ эхэллээ.
Гурав хоног үргэлжлэх уг хуралд 40 гаруй орны
санхүүгийн зохицуулагч байгууллага, Төв банк, Сангийн яамны дундаас дээш
түвшний албан тушаалтан болон хяналт шалгалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн 70
гаруй төлөөлөгч оролцож, жендэрийн мэдрэмжтэй хяналтын тогтолцоо, эрсдэлд
суурилсан хяналт, хэрэглэгчийн гомдол барагдуулах механизм, санхүүгийн
боловсрол, залилангаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, хиймэл оюун ухаан
болон SupTech шийдлүүдийг ашиглах чиглэлээр туршлага солилцож байна.
Санхүүгийн
зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц “Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг 200 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага болон Төвбанкны
гишүүнчлэлтэй санхүүгийн хүртээмжийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, судлах,
бодлогын томоохон зөвлөмжүүд өгөх чиг үүрэгтэй Засгийн газар хоорондын олон
улсын байгууллага байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд тус байгууллагын
үндсэн гишүүнээр элссэнээс хойш маш идэвхтэй хамтарч ажиллаж байгаа. Манай
байгууллага энэ Олон улсын санхүүгийн хүртээмжийн байгууллагатай хамтраад
жендэрт суурилсан санхүүгийн хүртээмжийг боловсронгуй болгох хяналт шалгалтдаа
хэрэглэх сэдвийн хүрээнд гурван өдрийн мэргэжлийн Дээд хэмжээний хурал өнөөдөр
эхэлж байна. Энэ удаагийн хурлаар эмэгтэй бизнес эрхлэгчид болон жижиг
дунд бизнес эрхлэгчдийн асуудалд нэлээд төвлөрч хэлэлцэнэ” гэв.

Мөн Санхүүгийн
зохицуулах хорооны хувьд санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг
нэмэгдүүлэх хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч, тодорхой
ажлуудыг хийж байгаа тухай ярилаа. Тухайлбал, өнгөрсөн онд мөн “Эмэгтэй бизнес
эрхлэгчдийн санхүүгийн код”-д нэгдсэн бөгөөд
өнөөдрийн байдлаар банк бус санхүүгийн 28 байгууллага, мэргэжлийн дөрвөн холбоо
тус кодод нэгдээд байгаа нь салбарын оролцогчдын ойлголт, оролцоо нэмэгдэж буй
аж.
Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн
байгууллагуудын хяналт-шинжилгээний тогтолцоог сайжруулах зорилготой энэхүү
хурал “Зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих арга зүй”, шинэ цогц ойлголт
болох “Жендэрийн мэдрэмжтэйгээр хэрэглэгчийн эрх хамгаалах арга хэрэгслүүд”,
“Хүйсийн хүртээмжтэй санхүүгийн бодлогын загвар”-ын хүрээнд туршлага солилцож
цаашдын чиглэлийг тодорхойлох юм.

