Ц.ДАВААСҮРЭН: ГААЛИЙН ТАТВАРЫГ СЭРГЭЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДАХИН ОРУУЛЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс Гаалийн албан татвараас чөлөөлснийг/улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл/ сэргээх тухай хуулийн төслийн талаар тодруулга авлаа.
-Саяхан Гаалийн албан татвараас чөлөөлснийг сэргээх тухай хуулийн төсөл УИХ дээр унасан. Та Төсвийн байнгын хорооны даргын хувьд уг хуулийн төсөлд ямар байр суурьтай байсан бэ. УИХ дээр дотоодын улаан буудай, гурилын үйлдвэрлэлээс татгалзаж байгааг юу гэж харж байна вэ?
- Манай Төсвийн байнгын хороо Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг цуцлах хуулийн төслийг дэмжсэн боловч УИХ дээр дэмжигдээгүй. Энэ бол улсаа хорлосон шийдвэр болсон. Гурил үйлдвэрлэгчдийг биш, тариаланчдад маш хүндрэлтэй асуудал үүсгэсэн шийдвэр. Гурил үйлдвэрлэгчид ОХУ-аас хямдхан буудай оруулж ирээд гурилаа үйлдвэрлэх л байх. Гол нь тариаланчдын асуудал хүндэрсэн.
Дэлхийн улаан буудайн 50 хувийг хангадаг Украйн, Орос хоёрын дайнаас болоод Араб, Африкт улаан буудай, гурилын хомсдол үүссэн. Манайд улаан буудайгаа тарьчихдаг учраас асуудал холуур өнгөрсөн. Хэрвээ гаалийн албан татварын чөлөөлөлтийн хууль цаашаа үргэлжилвэл манай улс бензин шатахуунтай адилхан Оросоос гурилын хамааралтай болно. Юм юмаараа гаднаас хамааралтай болж яах гээд байгаа. Бие даасан улс оршин тогтнохгүй болно шүү дээ.
-Унасан хуулийн төслийг дахин оруулж ирэх боломжтой юу?
-Оруулж ирэх ёстой. Бид үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах үүрэгтэй. Японд цагаан будаа тариалж байгаа үйлдвэрлэгчдээ хамгаалж, улсаас нь татаас өгдөг. Дэлхийд юу ч болж магадгүй байхгүй юу. Тийм тохиолдолд хүнстэйгээ байхыг хүсэж байна, Япон улс. Ковидын үе шиг хүнд зүйл болвол яах вэ. Гурилгүй ганц махтайгаа суух уу?
-Гурилын үнийг алслагдсан аймагт хямд байлгая гэвэл гаалийн албан татварыг чөлөөлөхөөс өөр бодлогын арга хэмжээ төрөөс хэрэгжүүлж болно биз дээ?
-Алслагдсан аймагт тээврийн зардлаас болоод гурилын үнэ өсөөд байгаа асуудлыг ярьж байгаа. Үүнийг татаасаар зохицуулдаг. Нөгөө талаар баруун аймагт гурил, улаан буудайн үйлдвэрлэлийг бий болго л доо. Тэр чиглэлд нь дэмжих хэрэгтэй. Увсад хуучин байсан үйлдвэрлэлийг босгоход дэмжлэг үзүүлж болно.
-Та төр яагаад үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ётойг хэлэхгүй юү?
-Эдийн засгийн хямрал юунаас үүсдэг вэ. Валютын хомсдолоос үүсдэг. Алт, нүүрсээ зарж гаднаас олсон валютаа манай улс импортын бараанд алдчихдаг. Улаан буудай тарихгүй болохоор манай валют Орос руу явна. Манай улс зөвхөн бензин шатахууны импортод гэхэд л ОХУ-д тэрбум ам.доллар зарцуулж байх жишээтэй. Хувцас хунар бусад хэрэглээнд урагшаа бүх валютаа урсгаж байна. Тусгаар тогтносон улс ийм байж болохгүй.