• Агробизнес

    ЗӨГИЙЧИН ЦЭ.БАТЖАРГАЛ:БААВГАЙ ЗӨГИЙЧДӨД ХОХИРОЛ УЧРУУЛАХ НЬ ИХ БАЙНА

          Эдийн засаг, хөдөө аж ахуйн мэдээллээр төрөлжсөн үйл ажиллагаа эрхэлдэг манай “Монголын шинэ өсөлт” сэтгүүлийн редакцын зүгээс газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдийн цаг үеийн ажлын талаарх мэдээллийг “Хөдөө аж ахуйгаар сонин юутай” булангаар хүргэж эхлээд байна. Уншигч Та эндээс тариаланчид, ногоочид, зөгийчид, жимсчид, малчид, хоршоологчдын намрын их ажилтай холбоотой дуу хоолойг сонсох юм.

    Манай шинэ булангийн анхны зочин Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Органик бал”  хоршооны дарга, зөгийчин Цэ.Батжаргал гуай юм. Тэрбээр хүнсний ногоо тариалах, зөгийн аж ахуй эрхлэх зэргээр хөдөө аж ахуйд 30 –аад жил ажиллаж буй. Тэр дундаа ихэнх цаг хугацаагаа зөгийн аж ахуйд зориулж, зөгийчдийн “Органик бал” хоршоог ахалж яваа нугарашгүй хөдөлмөрч нэгэн билээ.

    -Зуншлага сайнхан уу, бал арвин хурааж байна уу?

    -Сэлэнгийн ихэнх сумдаар гантай, зуншлага сайнгүй л байна. Манай Шаамар сум хамгийн зуншлага тааруу хэсэгт нь орно. Дээр нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд хавраас хойш түймэр ихтэй байсан нь газрын гарцад нөлөөлсөн ч байх. Гантай болохоор байгалийн балт ургамлууд ургахгүй, ургасан ч цэцгээ амархан гөвж, хорчийж хатаж байна. Тиймээс зөгийчид маань нүүдэл л их хийж зусаж байна даа. Манайх гэхэд одоо Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Зээргэнтийн аман дахь рапсын талбайд зөгийгөө тавьсан байгаа. Шаамраас 50-ид км-ын зайд нүүсэн. Балны гарц ч өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байна.

    Мөн гантай болохоор тариалангийн талбайд хорхой шавьж ихтэй, тариаланчид хортон шавжтай тэмцэж химийн хор их хэрэглэж байна. Хэрэглэхээс ч аргагүй. Манайх органикаа баталгаажуулсан хоршоо учраас зөгийгөө таримал ургамалд цацсан хор идүүлчихгүй байх гээд байнга хараа салгахгүй харж, манаж хонож байна.

    -Танай зөгийн аж ахуй руу баавгай дайрсан гэсэн үү. Тэгээд гайгүй юу?

    -Ган гачигтай байгаа болохоор тэр юмуу энэ жил баавгай маш их байна. Зөгийн талбай руу их орж байна. Манайх руу баавгай долоодугаар сарын 24, 25-ны хавьд шөнө орсон. Ганц манайх ч биш Сэлэнгэд энд тэнд зөгий болон малын хот руу ороод л байгаа сураг сонсогдоод л байна.

    Бид баавгайтай хэрхэн тэмцэхээ ч мэдэхгүй сууна. Аймгийн Байгаль орчны газраас баавгай албал 12 сая төгрөгийн торгуультай гэсэн анхааруулга мэдээллийг явуулаад байгаа. Гэтэл зөгий дандаа шөнө нүүдэг болохоор зөгийгөө манахаар баавгайд идүүлчих гээд байх юм.

    -Тэгээд танайд эдийн засгийн хохирол хэр учирсан бэ?

    -Багагүй л хохирол амслаа. Манай 46 бүл зөгийний найман бүлийг баавгай сэглэсэн. Нэг бүлээс багаар бодоход 10 кг бал авдаг гэж бодоход нийт 80 кг бал байхгүй болсон гэсэн үг. Баавгай их хорлонтой юм. Хайрцаг савыг нь эвдээд зогсохгүй бал хураадаг сэмжийг хүртэл үлдээдэггүй юм байна. Нэг хайрцагт 10 гаруй сэмж багтдаг. Манайх давхар үүр байсан учраас хохирол нэлээд байлаа. Зөгийгөөр нь бодох юм бол нэг бүл зөгийг 750.000 төгрөгөөр авсан гэж бодохоор 6.0 сая төгрөгийн зөгийгөө баавгайн саварт үрэгдүүлсэн байна.

    -Нутгаасаа хол зөгийн нүүдэл хийхдээ хэдүүлээ явах уу?

    -Манай хоршооныхон нэг нүүдэлдээ дөрвүүлээ явдаг. Хоршоо учраас хүн бүлийн хувьд бас ч гэж учиртай. Хоршоо болоогүй ганц нэгээрээ байдаг зөгийчид бол баавгай ихтэй үед их л амаргүй байгаа байх.

     

    -Танайх одоо балныхаа хэд дэх хураалтаа хийж байна вэ?

    -Зургаадугаар сарын дундаас хойш гурав дахь хураалтаа хийсэн. Бүх хураалтын балны гарц бага байна.

    -Байгалийн ийм хүнд нөхцөл зөгийчдөд өмнө нь хэр тохиолдож байв. Зөгийн аж ахуй эрхлэгчдийн хувьд байгалийн эрсдэлийг бууруулах ямар боломж байх вэ?

    -30 жил зөгийн аж ахуй эрхлэхдээ баавгай хүртэл уулнаас бууж ирж, зөгийн талбай рүү дайрч байсан гантай зун бараг үзээгүй. Цагийн байдал ийм хүндрэлтэй үед УИХ-ын гишүүд хөдөөгүүр явж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй газар дээр нь танилцаж, ямар арга хэмжээ авах талаар ярилцаж баймаар байна. Миний хувьд зөгийчдийн хөдөлмөрийг яаж хөнгөвчлөх талаар олон жил судалсан. Нүүдэл суудлаа багасгаж болох тал дээр бодсон,хийхийг хүсэж байгаа зүйл ч бий. Тухайлбал хавар эрт, намар орой жимсэлдэг балт цэцэгтэй жимсний мод тариалж болно. Жимсний модыг тарихдаа хооронд нь гурван метр зайд суулгадаг.Гэхдээ үүнийг эхлээд өөрийнхөө хэмжээнд 10 га газарт турших хэрэгтэй. Газар, хашаа хороо барих, худаг ус гаргах, тог цахилгаан татахаас эхлээд хувь хүний чадлаас хэд дахин илүү хөрөнгө оруулалт шаардлагатай л даа.

    Тэгэхээр иймэрхүү зүйл дээр төрийн бодлого, зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй. Зөгийн аж ахуй бэлчээр болон тариалангийн талбайн хөрсийг сайжруулахад чухал ач холбогдолтой байдаг. Тариаланчид уринштай талбайдаа химийн хор хэрэглэхийн оронд бэр цэцэг, сөд өвс зэрэг балт ургамлууд тарих хэрэгтэй. Намар тэр ургамлуудаа малын тэжээл болгоод авчихна. Зөгийн аж ахуй олон талын ашигтай. Гэтэл зөгийн аж ахуй дээр өнөөдөр ихэнхдээ 50-иас дээш насныхан ажиллаж байна. Залуучууд огт орохгүй байна.

    Тариаланчид зөгийчид хамтарч ажиллах хэрэгтэй байна. Бэлчээр сайжруулах газруудад зөгийн аж ахуйг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр юу хэлэхийг хүсэж байна гэхээр төрийн бодлого, шийдвэр гаргадаг хүмүүс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй газар дээр нь сайн танилцаж үзэж харж, өнөөдрийнх шиг нөхцөл үүсэн тохиолдолд цаашдаа эрсдэлийг хэрхэн хамтдаа бууруулах, хэн юу хийж чадах  талаар үйлдвэрлэгчидтэй зөвлөлдөх нь чухал.

    -Танай хоршоо хэдэн гишүүнтэй вэ. Жилдээ нийт хэчнээн тонн бал хураадаг вэ?

    Манай “Органик бал”хоршоо 2014 онд байгуулагдсан. 14 гишүүнтэйгээс 11 нь зөгийчин. Хоршооны хэмжээнд жилдээ багадаа таван тонн, дээд тал нь 8-10 тонн бал хураадаг.

     


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...