ДУНДГОВЬ АЙМАГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭЭ АЯГА, ТАВАГ УГААГЧ, АРИУТГАГЧ ТӨХӨӨРӨМЖӨӨР БҮРЭН ХАНГАЛАА
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ нь суралцах үйл явцад дэмжлэг үзүүлэх, хүүхдийн насан туршийн эрүүл мэндийг бүтээж буй нийгмийн эрүүл мэндийн бодлогын чухал хэсэг гэж үздэг.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний
хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай төсвийг шийдвэрлэх,
байгууллага хоорондын уялдааг хангах, нэгдсэн төлөвлөлт, хяналтыг зохион байгуулахад
орон нутгийн төлөвлөлт, шийдвэр чухал нөлөө үзүүлдэг.
Дундговь аймаг “Сүү хөтөлбөр”-т цэцэрлэг, сургуулийн бүх сурагчдыг хамруулж “Хүүхдийн хоолны зөвлөл”-ийн бүтэц зохион байгуулалтаар аймгийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээг үр дүнтэй хэрэгжүүлж манлайлан ажиллаж байгаа билээ.
Тус аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд аяга таваг угаагч 40 ширхэг багц төхөөрөмжийг орон нутгийн хөгжлийн сангийн 271 сая төгрөгөөр шийдвэрлэж 17 сургууль, гурван дотуур байр, Политехник коллежийн дотуур байр, 19 цэцэрлэгт олгоод байна.
Үйл ажиллагааны үр дүнд хүүхдүүд аяга, тавгаа авчрах шаардлагагүй болж цүнхний жин буурч, эрүүл ахуйн нөхцөл сайжирч халдварт өвчнөөс сэргийлэх боломж бүрдэхээс гадна гал тогооны ажилчдын ачааллыг хөнгөвчлөх зэрэг олон эерэг өөрчлөлтийг үзүүлэх юм.