МОНГОЛ УЛС ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ОЛОН УЛСАД БАТАЛГААЖУУЛЛАА
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 92 дахь удаагийн Ерөнхий чуулган Бүгд Найрамдах Франц улсын Парис хотноо /2025.05.30/ болжээ.
Чуулганд дээрх байгууллагын 183 гишүүн орны ерөнхий малын эмч нар болон албаны бусад төлөөлөл оролцож, “Мал амьтны вакцин болон дархлаажуулалт” сэдвийн хүрээнд дэлхий дахины мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, цаашид хэрхэн сайжруулахаар асуудлаар хэлэлцсэн байна.
Хурлын үеэр нэгэн чухал үйл явдал болсон нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх албан ёсны хяналтын хөтөлбөрийг батламжилж гэрчилгээ гардуулсан байна. “Уг хөтөлбөрийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага баталгаажуулсан нь манай улсын хэрэгжүүлж буй мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өвчний хяналт зэрэг нь олон улсын стандартын дагуу явагдаж буйг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг” хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох албаныхан онцоллоо.
Ингэснээр мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бүс нутгийн болон олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой аж.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад жил бүр тайлагнаж, цаашдаа шүлхий өвчингүй тайван улс болох зорилт тавин ажиллаж байна.
Мөн уг чуулганд оролцсон Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын ерөнхий малын эмч доктор А.Нарантуяа тэргүүтэй албаныхан салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ, Бүгд Найрамдах Узбекистан, Азербайжан Улс, Бүгд Казахстан, Киргиз, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Вьетнам зэрэг улсын ерөнхий малын эмч болон албаны төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон бол Турк, Мексик, Норвеги, Латви, Щвейцарь улсын Мал эмнэлгийн албатай мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспорт, импортын мал эмнэлгийн олон улсын гэрчилгээний нөхцөл, шаардлагыг тохиролцож, Бүгд Найрамдах Литва улстай “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах санамж бичиг үсэг зуржээ.
Эх сурвалж: МЭЕГ