• Эдийн засаг

    АХБ ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУСНЫ СИСТЕМ БАЙГУУЛАХАД 60 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БАТАЛЛАА

            Азийн хөгжлийн банк (АХБ) Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгай замын автобусны систем (ТЗА) байгуулах 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтыг баталлаа. Төслийн хүрээнд “Ази, Номхон далайн Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт хөтөлбөр” буюу IF-CAP хөтөлбөрөөс мөн 500,000 ам.долларын буцалтгүй тусламж олгоно.

    “Улаанбаатар хотод анх удаа шинээр нэвтэрч буй энэхүү ТЗА систем нь зорчигчдод нийтийн тээврийн өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой” гэж АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд, “Энэ нь иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс илүүтэй нийтийн тээвэр хэрэглэхэд түлхэц болно гэж найдаж байна. Ингэснээр түгжрэлийг бууруулах, эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих, агаарын бохирдлыг багасгахад туслах юм” хэмээн тодрууллаа.

    Улаанбаатар хотын хүн амын эрчимтэй өсөлтийг даган бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо огцом нэмэгдэж, улмаар замын түгжрэл ноцтой хэмжээнд хүрч, эдийн засгийн бүтээмж болон нийслэл хотын амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Замын түгжрэлийн улмаас оргил ачааллын үе буюу үдээс хойших цагуудад нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний хурд цагт 10 км/ц-аас доош буурч, дизель хөдөлгүүр бүхий автобусны ялгаруулах бохирдол улам бүр нэмэгддэг.

     Улаанбаатар хотын тээврийг сайжруулах төсөл” -ийн хүрээнд ТЗА системийн зураг төслийг боловсруулж, барьж байгуулах бөгөөд энэ нь өндөр хүчин чадалтай, хурдан, найдвартай, аюулгүй, өртөг багатай автобусны үйлчилгээ юм. ТЗА систем нь замын голд байрлах автобусны тусгай эгнээ, урьдчилсан төлбөрт систем, бүх хүнд хүртээмжтэй буудлууд, уулзварууд дээр автобусанд давуу эрх олгох гэрлэн дохио, дугуйн зам болон явган зорчигчдод зориулсан тохижилт зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барьж байгуулах юм.

    Энэхүү санаачилга нь АХБ-ны 2025–2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн тэргүүлэх чиглэлүүд болон хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хүрээнд гаргасан үндэсний тодорхойлсон хувь нэмрийг ахиулахад дэмжлэг үзүүлнэ.

     Эх сурвалж: Азийн хөгжлийн банк

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...